ДОРНОГОВЬ АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

“Зүүнбаян төмөр зам” ХХК Дорноговь аймагтай өнөөдрөөс эхлэн албан ёсоор хамтран ажиллаж эхэллээ. Хамтын ажиллагааны санамж бичигт “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар гарын үсэг зурж, албажууллаа.

Санамж бичгийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалт, ашиглалтын явцад шаардлагатай ажлын байранд орон нутгаас ажиллах хүчин бэлтгэх, тэднийг ажлын байраар хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй “Сая тонн-Сая мод” хөтөлбөр, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ногоон зам” төслийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ойн зурвас байгуулах ажилд тус аймгаас хүн хүч болон  бусад хэлбэрээр дэмжлэг авч, хамтран ажиллахаар боллоо. Дорноговь аймаг бол Монгол улсын төмөр замын дөрвөн замын уулзвар болон хөгжиж буй тэргүүний аймаг юм.