ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖТОЙ ТАНИЛЦЛАА

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Эрдэнэбаяр, Байгаль орчин, экологийн хэлтсийн дарга О.Ганбат нар Дорноговь аймагт томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр тус аймаг дахь БШУЯ-ны харъяа магадлан итгэмжлэгдсэн, 36 жилийн түүхтэй Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.


Тус сургууль төмөр замын чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгээд дөрөв дэх хичээлийн жилтэйгээ золгож байна. Энэ жил тус сургуульд вагон үзэгч засварчин, зүтгүүрийн туслах машинч, төмөр замын өртөөний жижүүр зэрэг таван мэргэжлээр 120 орчим оюутан элсэн суралцаж байна. Уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал Д.Банзрагч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 95 хувьд хүрч, зүгшрүүлэлтийн тээвэр энэ оны гуравдугаар сараас хойш хэвийн үргэлжилж байгаа талаар Политехникийн коллежийн захирал Б.Адилбишид танилцуулж, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, төмөр замчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд харилцан мэдээлэл солилцож, хичээлийн байруудтай танилцлаа. Цаашид хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааг идэвхжүүлж, оюутнуудыг хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх нөхцөл боломжоор хангаж, хамтран ажиллах тухай уулзалтын үеэр яригдлаа.