“ЗҮҮНБАЯН”-ЧУУД ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЦУСАА ХАНДИВЛАЛАА

Галбын говиор галт тэрэг хөдөлгөх их үйлсэд ур чадвар, мэдлэг оюунаа зориулж буй “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн төмөр замчдын төлөөлөл Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа хандивлалаа.

Статистик мэдээллээр хөдөлгөөнт болон суурин хэлбэрээр цус цуглуулалт сүүлийн саруудад идэвхтэй нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 30 гаруй хувиар өссөн байна. Төмөр замчин залуучуудын төлөөлөл хэн нэгний халуун амийг бүлээн цусаараа аврахын тулд өнөөдөр сайн дураараар тус бүр 400 гр цус хандивлаж, хоёр дахь жилдээ ийнхүү хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо нэгдлээ. Энэ үеэр цус хандивлах үйлсэд сайн дураараа 10 удаа нэгдэж, 30 хүний амь нас авраад буй Зүтгүүрийн инженер Б.Эрдэнэбатад ЦССҮТ-өөс талархал илэрхийлж, донорын үнэмлэх, тэмдгийн хамт гардууллаа.

Та бидний сайн дураараа бэлэглэж буй цусыг цус багадалт, мэс засал, осол гэмтэл, төрөхийн хүндрэл, цусны өвчин, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа, хавдар, цус алдалт зэрэг өвчнүүдийн үед хэрэглэж, нэг хүний хандивласан цус ардаа гурван хүний амь авардаг тул бусад төмөр замын байгууллагуудаа ч энэхүү үйлсэд уриалж байна.