ТӨМӨР ЗАМЧДЫН МЭРГЭЖЛИЙН БАЯР ТОХИОВ

Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 84 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баярын өдөрт зориулсан баярын хурал /2022.08.05/зохион байгуулагдлаа.

Хуралд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Булганхүү, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Р.Раш болон төмөр замын байгууллагуудын төлөөлөл оролцов. Баярын хуралд оролцсон "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч төмөр замын салбарынхандаа мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүсэхийн зэрэгцээ тэртээ 1938 онд Улаанбаатар-Налайх чиглэлд 43 километрийн урттай төмөр зам баригдаж, уурын галт тэрэг аялж эхэлсэн өдрөөс хойш 84 намар өнгөрч, өдгөө эх сайхан нутгийн минь тал дундуур Монгол инженер, Монгол залуус, Монголын төмөр замчдын барьсан ган зам зурайж, галт тэрэг хурдалж байгааг илтгэлдээ онцлоод, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих үндэсний бүтээн байгуулалтад оролцсон компани, ААН-үүдийн төлөөлөлд мэргэжлийн төмөр замчдын баярын энэ өдөр талархал илэрхийллээ.

Хурлын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “2008 онд Монгол Улсын үндэсний төмөр замуудын эхлэлийг тавьсан, тухайн үеийн Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, "Зүүнбаян  төмөр зам" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Р.Раш даргад гүн хүндэтгэл илэрхийлж, урт нас, удаан жаргалыг хүсэв.

Хурлын үеэр хариуцсан ажилдаа идэвх зүтгэл гаргасан зарим хүмүүсийг төрийн болон яамны шагналаар шагнах ёслол боллоо. Энэ үеэр ЗТХ-ийн сайдын тушаалаар "Зүүнбаян төмөр зам"ХХК-ийн Суурь бүтцийн хэлтсийн Замын инженер С.Анхбаяр, Дохиолол төвлөрүүлэлт, хориглолын инженер Л.Отгон-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн Төслийн мэргэжилтэн С.Бямбажав нар "Хүндэт жуух бичиг"-ээр шагнагдлаа.

Өдгөө төмөр замын ууган байгууллага “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани, “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК, Бодь интрнэшнл зэрэг төмөр замаар овоглосон томоохон байгууллагууд бий болж, тэд 17 мянган хүнийг ажлын байраар ханган өргөжин тэлж, хөгжлийг түүчээлсээр байна.