ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

"Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ерөнхий инженер С.Сумъяадорж, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Замын ерөнхий инженер Старцев Сергей Петрович нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол улсын төмөр замын ууган байгууллага болох "Улаанбаатар төмөр зам" ХНН Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг ашиглах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажилд "Зүүнбаян төмөр зам" ХХК-д дэмжлэг үзүүлж, туршлага солилцох чиглэлд хамтран ажиллахаар боллоо. 

Тухайлбал "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн инженер техникийн ажилтан, механик, оператор нарт зориулж мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэжилтэй ажилтны захиалгат сургалт зэргийг зохион байгуулна. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын арчлалт, ашиглалтын ажилд шаардлагатай "УБТЗ" ХНН-ийн үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжид үйлдвэрлэх боломжтой эд анги, материал нийлүүлэх, худалдан авах чиглэлээр хамтран ажиллаж, шаардлагатай ажиллах хүч, тоног төхөөрөмж, машин механизмийн дэмжлэг үзүүлэх юм. Санамж бичгийн хэрэгжилтийг талууд жил тутам дүгнэж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана.