АЖЛЫН БАЙРНЫ УРИЛГА ГАРДУУЛЛАА

Өмнөговь аймгийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” политехникийн коллежийн хамтарсан төмөр замын мэргэжилтэй ажилтан бэлтгэх захиалгат сургалтын төгсөлтийн баяр өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо. Энэхүү баярт ажил олгогч байгууллагуудын төлөөлөл болж, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Эрдэнэбаяр, Суурь бүтцийн хэлтсийн ахлах инженер Д.Мандаа нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж, мэргэжлээрээ амжилттай төгссөн 30 оюутанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орох үед ажилд орох урилга гардуулж, батламжиллаа.

Тухайлбал Зам ангийн мэргэжлээр төгсөгч Э.Ариунбаатар, Ж.Болдбаатар, Ц.Буянжаргал, Вагон үзэгч засварын мэргэжлээр төгсөгч Н.Мягмарсүрэн, Б.Оюун-Эрдэнэ, Т.Очирсүрэн, Т.Эрхбаяр, Зүтгүүрийн засварын ангийн төгсөгч С.Балжин-Эрдэнэ, Б.Барсболд, Э.Баттогтох нарын нэр бүхий 30 оюутан эзэмшсэн мэргэжлээрээ Монголчууд өөрсдөө анх удаа барьсан, үндэсний түүхэн бүтээн байгуулалт болох 416,1 км төмөр замд ажиллах урилга хүлээн авч, ажлын байртай боллоо.“Зүүнбаян төмөр зам” ХХК нь Өмнөговь аймгийн ЗДТГ болоод “Улаанбаатар төмөр зам” политехникийн коллежтой хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн байдаг. Тийм учраас санамж бичигт тусгагдсан ажлууд ийнхүү биелэлээ олж, амжилттай хэрэгжиж байна. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр дамжин сүүлийн жилүүдэд төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Иймд төмөр замд ажиллах боловсон хүчнийг тус аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрөөр дамжуулан бэлтгэж, 2021-2022 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн 120 иргэнийг төмөр замын чиглэлийн дөрвөн мэргэжлээр сургасан нь ийнхүү үр дүнд хүрлээ.