Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болж байгаа "Говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган"-нд "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч оролцлоо. Өмнөговь аймаг нь Монгол улсын хэмжээнд хамгийн том нутаг дэвсгэртэй /165,0 мянган кв.км/ төдийгүй ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс, МАК зэрэг 14 компани ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трасс тус аймгийн Цогтцэций, Манлай сумдаар дайран өнгөрдөг, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм. Иймээс төмөр замын төслийн явц болоод компанийн стратеги төлөвлөлт, орон нутаг руу чиглэсэн хамтын ажиллагааны талаар Гүйцэтгэх захирал Д.Банзрагч чуулганы төлөөлөгчдөд мэдээлэл өгч, салбар хэлэлцүүлэгт оролцлоо.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам энэ оны гуравдугаар улиралд бүрэн ашиглалтад орно. Эрчим хүч, шилэн кабель, суман шилжүүлэг угсрах зэрэг дээд болон доод бүтцийн ажил дуусч, өнөөдрийн байдлаар Зам, тээврийн сайдын тушаалаар томилогдсон техникийн комисс ажиллаж байна. Цаашид төмөр зам дээр ажиллах хүний нөөцөө орон нутгаас, ялангуяа говийн бүсийн аймгуудаас бүрдүүлнэ. Энэ хүрээнд Цогтцэций болон Даланзадгад хотноо ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж, хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэлээ. Мөн ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, төмөр замаа элсний нүүдлээс хамгаалж, ойн зурвас байгуулахаар "Ногоон зам" төсөл хэрэгжүүлж байна.