Төрийн 17 байгууллагын цахим хуудасны мэдээлэлд үнэлгээ хийв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийт 536 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд “Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, Эрүүгийн хуулийн зохицуулалт”, “Төрийн албан хаагчийн ёс зүй ба албан хаагчийн үүрэг хариуцлага”, “Авлигатай тэмцэхэд удирдах албан тушаалтны манлайлал” сэдвээр Гадаад харилцааны яам, гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нар, Нийслэлийн Татварын газар зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулав.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, ОБЕГ, “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, удирдлагаас батлан гаргасан дүрэм, журмуудыг хянаж байна. 

Төрийн байгууллагын төсөв, санхүү, хүний нөөцийн бодлого бусад үйл ажиллагааны мэдээллийг бүрэн, байнга хянах боломжтойгоор ил тод, нээлттэй байршуулсан эсэхийг Боловсрол шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Соёлын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган аймгийн ЗДТГ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, ОБЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Усны газар, Барилга хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Үндэсний геологийн алба зэрэг 17 байгууллагын цахим хуудас дахь мэдээлэлд үнэлгээ хийж хяналт тавив.

Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит компани болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар Зөвлөмж хүргүүллээ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар (iaac.mn)