ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ҮНДЭСНИЙ ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨНӨ

"Хөгжлийн түүчээ Төв аймаг" эдийн засгийн чуулган Төв аймгийн "Монгол туургатан" театрт эхэллээ. Тус чуулганд орон нутгийн удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, Ц.Туваан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагын багийн төлөөллүүдээс гадна бүрэлдэхүүн компаниудаас "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар оролцож байна.

Төв аймаг бол Улаанбаатар хоттой хамгийн ойрхон байрладаг, хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэх үүрэгтэй бүс нутаг юм. Иймд Монгол улсын Засгийн газраас гаргасан шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймгийг эдийн засгийн чөлөөт бүс болгох зорилт дэвшүүлж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, үйлдвэр технологийн парк болон дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс онцлох томоохон бүтээн байгуулалт бол "Богдхан төмөр зам" юм. Энэ төмөр зам нь зургаан зөрлөг, гурван өртөө бүхий гуравдугаар зэрэглэлийн төмөр зам болно. Төслийн санхүүжилтыг бүрэн шийдсэн бөгөөд газар шорооны ажил нь энэ сарын 25-ны өдрөөс эхэлнэ. Төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцах юм байна. Төслийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэлдэхүүн компаниудын нэг "Тавантолгой төмөр зам" ХХК хэрэгжүүлнэ.

Ийнхүү төрөөс төмөр замын салбарын талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд үндэсний төмөр замын сүлжээг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 416,1 километрээр өргөтгөж байгаа бол "Богдхан төмөр зам" нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 144,9 км үргэлжилнэ. "Хөгжлийн түүчээ-Төв аймаг" эдийн засгийн чуулганы төгсгөлд салбар хуралдаануудаас гарсан саналуудыг нэгтгэж, дүгнэлт гаргахаас гадна хамтын ажиллагааны гэрээ үзэглэгдэнэ.