ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

"Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр боллоо. Тус компанийн 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшдэг бол 34 хувийг "Монголын төмөр зам" ТӨХК эзэмшдэг. Өнөөдрийн хуралд хувьцаа эзэмшигч талуудын төлөөлөл оролцож, хурлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат даргалж, Нарийн бичгийн даргаар Ц.Сангижав, тооллогын комиссын даргаар "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Эрдэнэбаяр нар ажиллаж, хувьцаа эзэмшигч талуудыг төлөөлж, ажиглагчид хуралд суулаа.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын дагуу хурлын эхэнд "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч компанийн 2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцууллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ "Зүүнбаян төмөр зам" ХХК 2021 онд үйл ажиллагаандаа олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоог зэрэг нэвтрүүлсэн төмөр замын салбарын анхдагч байгууллага болсон төдийгүй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн А6-20 бизнес төлөвлөгөөтэй уялдуулан компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө батлуулж, урт хугацааны үзэл баримтлалаа боловсрууллаа. Мөн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй болж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд орон нутгийн иргэдийг түлхүүхэн ажлуулах бодлого баримтлан ажиллаж байгаа талаараа мэдээлэл өглөө.

Хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтын дагуу компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, саналын эрхтэй төлөөлөгчдийн 66 хувь нь уг асуудлыг дэмжиж, хурал 100 хувийн ирцтэй, амжилттай болж өнгөрлөө.