100 ГАРУЙ ХҮН НӨӨЦӨД БҮРТГЭГДЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зохион байгуулсан ажлын байрны нээлттэй өдөрлөгт “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хамт олон оролцлоо. Өдөрлөгийн үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр ажиллах сонирхолтой 300 гаруй хүнд анкет тараагдаж, цахимаар болон цаасаар 100 гаруй анкет бөглөгдөж, хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2021-2025 онуудад хэргжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө төмөр зам, нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж, 7200 орчим ажлын байр шинээр бий болгохоор зорин ажиллаж байна.

Түүний нэг томоохон бүтээн байгуулалт бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам юм. Энэ төмөр замыг Монголчууд өөрсдөө барьж, үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөж чадсан. Иймээс бүс нутгийн хөгжлийг цаашид дэмжиж, тус төмөр зам дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг аль болох тухайн орон нутгаас бүрдүүлж, мэргэшүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна. Энэ удаад анкет бөглөсөн хүмүүс “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хүний нөөцийн бүртгэлд орж, төмөр замын тээврийн үйл ажиллагаа бүрэн эхлэх үеэр холбогдох шалгуурт тэнцсэн төмөр замчдад ажлын байрны урилга хүргүүлнэ.