ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Монгол улсад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагын удирдлага, төлөөллүүд "Төмөр замын салбарын хүний нөөцийн бодлого" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгт оролцлоо. Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яам, "Улаанбаатар төмөр зам" ХНН, "Монголын төмөр зам" ТӨХК, "Галт тэрэгний хөдөлгөөн, зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ, "Тавантолгой төмөр зам" ХХК, "Болд төмөр ерөө гол" ХХК, "Зүүнбаян төмөр зам" ХХК болон Төмөр замын дээд сургууль, "Улаанбаатар төмөр замын Политехник коллеж"-ийн удирдлага, төлөөлөл оролцож, төмөр замын салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээ, инноваци нэвтрүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, санамж бичиг үзэглэхээр боллоо. Өнөөдрийн түвшинд бэлтгэгдэн гарч буй төмөр замын мэргэжилтнүүд шаардлага хангаж чадаж байгаа эсэх асуудлаар ч сэдэв хөндөгдөж, цаашид мэргэжлийн сургалтын байгууллага болох магадлан итгэмжлэх шаардлага хангасан Төмөр замын дээд сургууль, Политехникийн коллежуудаар дамжуулан сургалтын хөтөлбөрөө төвлөрүүлэх талаар ч уулзалтад оролцогчид онцолж байлаа. Тус уулзалт хэлэлцүүлгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан зохион байгуулав.