НЭГ САЯАС ДЭЭШ ЦАЛИНТАЙ, 186 АЖЛЫН БАЙР ЗАРЛАЛАА

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Захиргаа хариуцсан дэд захирал Т.Сайнжаргалаар ахлуулсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болж байгаа ажлын байрны нээлттэй өдөрлөгт оролцож байна. Энэхүү өдөрлөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санаачлан зохион байгуулж, түүний бүрэлдэхүүн компаниуд оролцож байна. Тус өдөрлөгийн үеэр “Зүүнбаян төмөр зам” ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам бүрэн ашиглалтад орж, тээврийн үйл ажиллагаа эхлэхэд шаардагдах 186 ажлын байрыг нээлттэй зарлаж, хүний нөөцийн бүртгэл явуулж байна. Тухайлбал говийн нөхцөлд төмөр зам дээр ажиллах өртөөний жижүүр, галт тэрэгний найруулагч, хүлээн авах пүүлэгч, ачааны хөдөлгөөний машинч, вагон үзэгч, замчин зэрэг нээлттэй ажлын байр зарлаж, сонирхсон хүмүүсээр өнөөдөр анкет бөглүүлж, өдөрлөгийн хоёр дахь өдөр холбогдох шалгуурт нийцсэн хүмүүсийг ярилцлаганд урих юм. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд зүгшрүүлэлтийн тээвэр эхэлснээс хойш Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дээр ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчний 62 хувийг орон нутгаас бүрдүүлсний 20 хувь нь Өмнөговь аймгийн харъяат төмөр замчид байна.