АЖИЛТНЫ НДШ-ИЙН ТӨЛБӨРИЙН 50 ХУВИЙГ ОН ДУУСТАЛ ХӨНГӨЛНӨ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2022.04.15/ танилцууллаа.

Тэрбээр "Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ажилтан төлдөг НДШ-ийн 50%-ийг он дуустал сар бүр төрөөс буцаан олгох зарчмын шийдлийг Засгийн газар гаргаж байна. Энэ бол хүнд үеийг давахад инфляцтай уялдуулсан арга хэмжээ юм.

НДШ-ийн асуудал хүнд байдалд орчихсон байгаа учир багц асуудлыг Засгийн газраас УИХ-тай ярьж, хувийн тэтгэврийн сан, хуримтлалын нэгдсэн сан зэрэг  олон асуудал дээр Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэхтэй холбоотойгоор авч үзэх шаардлага үүсэж байна. Дунд хугацаанд реформ хийх энэхүү асуудлыг УИХ-тай хамтарч яаралтай шийдэх нь зүйтэй" гэв.

Иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа "Нийгмийн Даатгалын Шимтгэлийн/НДШ/ 50 хувийн буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй. Эдгээрээс бусад салбарын ажилтнуудад хамаарна. Өөрөөр хэлбэл иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авна. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Энэ нь түр зуурын арга хэмжээ. Харин Эрүүл Мэндийн Даатгалын шимтгэлд өөрчлөлт ороогүй" хэмээн тайлбарлалаа.