ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ГАМШГААС СЭРГИЙЛЭХ СУРГУУЛИЛТАД “ЗҮҮНБАЯН”-ЧУУД ОРОЛЦЛОО

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтад “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо. Энэ үеэр тус байгууллагын мэргэжлийн ангийн хүсэлтээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн Гал сөнөөгч, дэд ахлагч А.Амарбаясгалан нийт албан хаагчдад газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах сургалт зохион байгуулж, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар мэдээлэл өглөө.

Газар хөдлөлтийн үед иргэн бүр “СУУ, НУУГД, ХҮЛЭЭ” гэсэн хамгийн эхний дүрмийг баримталж, аль болох шил цонхноос хол, ширээний доогуур орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангана. Мөн барилгаас гарахдаа баруун гар талаа даган бие биенийгээ түлхэхгүй, гүйхгүй, буцахгүй бас ярихгүй байх зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй талаар мэргэжлийн хүн зөвлөлөө.

Манай улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдэж байна. Тухайлбал 2020 онд 3,5 магнитуудаас  дээш хүчтэй газар хөдлөлт 62 удаа бүртгэгдсэн бол энэ тоо 2021 онд 259 болж нэмэгдсэн байна. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас 6,5-7,6 баллын хүчтэй газар хөдлөхөд нийт барилгын 20-50 хувь нь нурж, 200-300 мянган хүн байгалийн гамшгийн хохирогч болох эрсдэлтэй гэх судалгаа гарсан байдаг. Иймд иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.