ТӨРИЙН ӨМЧИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.

Тус хуулийн төсөлд төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр үйл ажиллагаа эрхлэх замаар баялаг бий болгох заалт оруулжээ. Мөн төрийн болон орон нутгийн компанийн удирдлагын багийг хараат бусаар сонгож, үйл ажиллагааны тайлангийн ил тод байх механизм бий болгоно гэж зааж өгсөн аж. Ингэснээр төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжиж, үйл ажиллагааны үр ашиг, засаглал нь сайжирна гэж тооцсон байна. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 467 төрийн өмчит аж ахуйн нэгж байгаагийн 168 нь төрийн өмчит, 299 нь орон нутгийн өмчит гэсэн статустай. Үүнээс төрийн өмчит 170 компани 2021 оны байдлаар 11.8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 705 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь орлого, ашгийн харьцаа хол зөрүүтэй, зарим компани алдагдалтай ажиллаж байгааг харуулж буй юм.