Д.БАНЗРАГЧ: ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ТҮЛХҮҮ АЖИЛЛУУЛНА

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Нүүрс тээвэрлэлт, тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон нутгийн тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо. Уулзалтын үеэр бүтээн байгуулалттай холбоотой явцын мэдээлэл болоод ажлын байрны асуудал түлхүүхэн хөндөгдлөө. Тухайлбал нутгийн иргэд Чойр чиглэлийн шороон замын тээврийг энэ оны 3 сарын 31-нээс дуусгавар болгож зогсоох, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, утаагүй түлшний тээврийг төмөр замаар явуулахдаа уурхайгаас өртөө хүртэл 22 км төмөр замын холболтын ажил дууссаны дараа эхлүүлэх, төмөр замын дагуу хориг тор татах, мал амьтан орохоос хамгаалах зэрэг асуудлаар санал гаргаж байлаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам өнөөдрийн байдлаар 97 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсөл ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажилласнаар 1200 орчим ажлын байр шинээр бий болох бол эхний удаад суурь бүтцээ хүлээн авч, туршилтын тээврээ эхлүүлснээр 400 орчим ажлын байр бий болно. Иймд орон нутгийн иргэдийг ажилд авахаар  төслийн багийнхан ажиллаж байна. Үүний тулд төмөр замын бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой иргэдийн хүний нөөцийн бүртгэл явагдаж, мэргэшүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.

Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Цогтцэций сумын удирдлагуудаас гадна орон нутгийн иргэд оролцлоо. Мөн говьд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалттай холбоотойгоор ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг компани, ААН-үүдийн төлөөлөл оролцсон бол “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, үйл ажиллагааны талаар” нутгийн иргэдэд мэдээлэл өглөө.