ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нараас гадна “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Эрдэнэбаяр нар оролцоод ирлээ.

Тус төмөр замын суурь бүтэц нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаас салаалж, Ханги боомт хүртэл 226 километр үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдох юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллароор бууруулахаар тооцоолжээ.

Түүнчлэн экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1,600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх юм.

Ташрамд дурдахад, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр үргэлжлэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, цаашид байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болно. Энэхүү бүтээн байгуулалт нь Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улсад хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болж байгаа юм.