“ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” ХХК-Д СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ҮЕ ШАТТАЙ ШИЛЖҮҮЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой зарим мэдээллийг өглөө. Тухайлбал ЗТХЯ-наас техникийн комисс томилогдож, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын, Зүүнбаян өртөөнөөс 129 дүгээр километр хүртэлх хиймэл байгууламж болон дээд, доод бүтцийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд урьдчилсан дүгнэлт гаргаж, “ОНЦ” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл төмөр замын барилгын ажил нь холбогдох хууль, тогтоомж болон дүрэм журамд нийцсэн гэж мэдээллээ. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК 66 хувийг, “Монголын төмөр зам” ТӨХК 34 хувийг эзэмшдэг. Иймд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц эзэмших эрхийг цаашид тус компанид үе шаттайгаар шилжүүлнэ гэж салбар хариуцсан сайд Л.Халтар албан ёсоор мэдээллээ.