2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ БАГТАЖ ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТ, ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХИЙНЭ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбогдох салбар хариуцсан сайд нар мэдээлэл хийсэн юм. 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой хоёр гол асуудлыг хэлэлцлээ. 2013 онд гарсан Монгол Улсын тогтоолыг эрчимжүүлэхээр боллоо. Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан 1-2 дугаар үе шатны үйл явцыг гүйцэтгэх ажлыг "Монголын төмөр зам" ТӨХК-д олгосон тогтоол юм.

Өнөөдөр үүний биелэлтийг ярилцаад 2020-2024 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу баруун, зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцуулахыг хэвээр үргэлжлүүлэхээр болсон. Тиймээс "Монголын төмөр зам" ТӨХК Монголын болон гаднын хөрөнгө оруулагч, баруун зүүн чиглэлд байгаа уул уурхайн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд Монгол Улсад нийт 4700 км орчим урт төмөр замын сүлжээ бий болох ба үүнд шинээр нэмэгдэх нь 2725 км юм.

Эдгээрээс гадна 2022 оны эхний хагаст багтаж Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ. Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад орсон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөлд олон улсын тендер зарлахаар боллоо. Өмнөх гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас цуцалсан туршлага бий. Тиймээс 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хурдны авто замын бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй гэж үзсэн. Тендерийг ойрын хугацаанд зарлана.