САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

“Зүүнбаян төмөр зам” ХХК, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, ашиглалтын явцад шаардлагатай ажлын байранд орон нутгаас ажиллах хүчин бэлтгэж, ажлын байраар хангаж ажиллана. Мөн төмөр замын трассын дагуух хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд урт хугацаандаа хамтран ажиллаж, цөлжилтийн эсрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичигт дурдлаа.

Өмнөговь аймгийн тухайд сүүлийн жилүүдэд шилжин ирэгсэд эрс нэмэгдэж байгаа төдийгүй уул уурхай түшиглэсэн бүс нутаг юм. Тийм учраас төмөр замын бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал худалдан авахдаа аль болох орон нутгийн иргэдийн бизнес, ЖДҮ-ийг дэмжих чиглэлд худалдан авалт хийх тухай ч талууд тохиролцсон юм. Нэмэлт мэдээлэл хүргэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам нь Өмнөговь аймгийн хоёр сумаар дайран өнгөрдөг. Санамж бичигт “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар гарын үсэг зурлаа.