"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санаачлагаар "Сая тонн-Сая мод" уулзалт зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр "Зүүнбаян төмөр зам" ХХК-д "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг батламж гардууллаа.

Энэхүү батламжаар тус компани нь 7,4 сая мод тарих үүрэг хүлээж, төмөр замаа элсний нүүдлээс хамгаалж, ойн зурвас байгуулна. Говийн бүсэд мод үржүүлгийн газар байгуулах хамгийн боломжит байршил бол Дорноговь аймгийн Зүүнбаян гэж судлаачид үздэг. Тийм учраас "Эрдэнэс Тавантолгой" ХК "Сая тонн-Сая мод" хөтөлбөрийн хүрээнд Зүүнбаянд 10 га газар тусгай хэрэгцээнд авч, мод үржүүлгийн газар байгуулах бэлтгэл ажилдаа ороод байна. Мод тарьж, ургуулах ажил бол хамтын хүч, нэгдмэл бодлогын үр дүн байдаг. Тийм учраас Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дагуу ойн зурвас байгуулах ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран ажиллаж, төмөр замын дагуу мод тарих ажлын хүрээнд говьд экологийн мэргэжлийн анги байгуулж, арчилгаа, хашаажуулалт, говьд усалгааны систем байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах талаараа энэхүү зөвлөгөөний үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, Бригадын генерал Ч. Цогжаргал  онцолж байв.

"Эрдэнэс-Тавантолгой" ХК нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 180 сая мод тарихаар төлөвлөж байгаа бол 54,4 сая нь говийн бүсэд юм. "Сая тонн-Сая мод" уулзалт зөвлөгөөнд "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Дэд захирал Т.Сайнжаргал, Ерөнхий инженер С.Сумъяадорж нар байгаль орчны асуудал хариуцсан зөвлөхүүдийн хамт оролцлоо.