ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАНЗРАГЧИЙН ГЭРЭЭГ 2023 ОН ХҮРТЭЛ СУНГАЛАА

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Гүйцэтгэх захирал Д.Банзрагчтай байгуулсан гэрээг дүгнэж, түүний 2021 оны ажлын үр дүнг “ХАНГАЛТТАЙ САЙН” гэж дүгнэлээ. Ингэснээр түүнтэй байгуулж буй контракт гэрээг 2023 он хүртэл сунгав. “Зүүнбаян төмөр зам” ХХК нь 2050 он хүртэлх компанийн урт хугацааны үзэл баримтлалаа боловсруулж, ТУЗ-өөр компанийн 2021-2025 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө батлуулаад байна. Мөн төмөр замын салбартаа нэгдсэн менежментийн тогтолцоог /ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018/ нэгэн зэрэг нэвтрүүлсэн анхдагч байгууллага болж, батламжаа гардаж авав. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнд “Зүүнбаян төмөр зам” ХХК нэгдэж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаа элсний нүүдлээс хамгаалж, ойн зурвас байгуулахаар “Ногоон зам” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 66 хувийн хувьцаа эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран ирэх жилүүдэд гурван үе шаттайгаар 12 сая ширхэг мод тарьж ургуулахаар болоод байна. Энэ мэт байдлаар байгуулагдаад нэг жил болж байгаа “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хамт олон шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна.