“ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН СПОРТЫН АВАРГУУД ТОДОРЛОО

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан спортын таван төрөлт тэмцээний аваргууд шалгарлаа. Тус тэмцээнд байгууллагын ажилтан, алба хаагч бүр оролцож, дөрвөн долоо хоногийн турш ширээний теннис, дартс, сагсан бөмбөг, гар бөмбөг, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдөж, багийн нийт дүнгээр Б.Энх-Амгалан ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, 2021 оны байгууллагын аваргаар шалгарч, М.Нурсултан ахлагчтай “Gobi magic” баг хоёрдугаар байр, С.Бямбажав ахлагчтай “Угалз-17” баг гутгаар байранд тус тус орлоо.

Харин ширээний теннисний эмэгтэйчүүдийн төрөлд Захиргаа, удирдлагын хэлтсийн Дотоод асуудал, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, дартсны эрэгтэйчүүдийн төрөлд Суурь бүтцийн хэлтсийн Дохиолол холбооны инженер Л.Отгон-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн төрөлд Техник, эдийн засгийн хэлтсийн Судалгааны мэргэжилтэн Т.Оюу-Эрдэнэ нар шилдгээр шалгарч, авхаалж самбаа, хурд хүчээ сорин уралдаж, хамт олноо манлайллаа.

Спортод багийн гишүүд нэгнийгээ мэдэрч, сул талыг нь нөхөж байж амжилт, ялалтад хүрдэг. Үүний адил төмөр замын салбарт, тэр дотроо “Зүүнбаян төмөр зам” хэмээх их айлаар овоглож байгаа төмөр замчид энэ салбарт ажилласнаараа нэгнээ хүндлэх хүмүүжлийг олж авч, нэгдмэл хүчээр өдөр бүр амжилтын төлөө ажиллаж, зүтгэж байгааг тус байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Банзрагч спортын арга хэмжээг хааж үг хэлэхдээ онцлов.