card

Захирлын мэндчилгээ

Манай байгууллагын вэб сайтаар зочилж буй эрхэм танд баярлалаа!

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хамт олон Монгол улсын эдийн засгийн тулгуур багана, хөгжлийн түүчээ байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  Тус бүтээн байгуулалтын ажил 2019 оны 05 дугаар сард эхэлж, өдгөө доод бүтцийн ажил бүрэн дусч, дээд бүтцийн ажил үргэлжилж байна.

Төслийн захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН, доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр “Зэвсэгт хүчний жанжин штаб” ажиллаж, туслан гүйцэтгэгчээр үндэсний хэмжээний  100 гаруй компани энэхүү бүтээн байгуулалтад оролцож байна.

Монгол улсын эдийн засгийн 1/4, нийт экспортын 90 хувь, улсын нэгдсэн төсвийн 24,5 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 64 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Ингээд бодохоор иргэн таны хэтэвчинд байгаа 4000 төгрөг тутмын 1000 төгрөг уул уурхайн салбараас орж ирдэг талаар эдийн засагчдын хийсэн судалгаа байдаг. Хэрэв манай улсын эдийн засгийн зүрх нь уул уурхайн салбар гэж үзвэл бусад салбарын хөгжлийг  тэтгэх судас нь төмөр замын салбар юм.

Ийм л учраас “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам ашигалтад орсноор Тавантолгойн коксжих нүүрсний экспортын гарцыг нэмэгдүүлэх боломж бүрдэж, цаашлаад БНХАУ-ын далайн боомтуудтай төмөр замаар холбогдож, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс руу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох шинэ зах зээлтэй холбогдоно.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам нь 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Нийт 416,1 километр трассын дагуу нэг өртөө, 6 зөрлөгтэй. Мөн 1520 мм өргөн царигтай, голын даац 25 тонн бөгөөд 594 ус зайлуулах, 27 гүүр бүхий дэд бүтэцтэй байна. Мөн 464 км эрчим хүчний шугам, хагас автомат дохиолол төвлөрүүлэлт хориглолын систем бүхий суурь бүтцийн байгууламжтай байх юм. Үүнийг дагаад зөвхөн төмөр замын өртөө, зөрлөг, арчилгаан дээр нэг мянга орчим шинэ ажлын байр бий болж, төмөр зам дагасан суурьшлын бүсүүдэд 14 мянга гаруй ажлын байр бий болох эдийн засгийн тооцоолол гарсан байдаг.

Энэ бол бид бүгдийн хамтын зүтгэл, хамтын амжилт байх болно. Тэр дундаа говийн их бүтээн байгуулалт “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын ажилд хамтран ажиллаж байгаа үндэсний гэх тодотголтой компани, ААН, туслан гүйцэтгэгчдийн үүрэг оролцоо маш өндөр юм.

Цаашдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Монгол улсын уул уурхайн салбарын эдийн засгийг 2-3 дахин өсгөх эдийн засгийн судалгаа гарсан байдаг. Иймд манай хамт олон Монгол орныхоо хөгжлийн түүчээ болж, гэрэл гэгээ түгээх үйлсэд хоёргүй сэтгэлээр ажиллаж байна.

Та бүхэнд сайн сайхныг хүсье!

“ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДОЁДДОРЖИЙН БАНЗРАГЧ

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Бусад мэдээ