card

Компанийн танилцуулга

 “Зүүнбаян  төмөр зам” ХХК нь Засгийн газрын 117-р тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын суурь бүтэц барих, төмөр замын суурь бүтэц эзэмших, ашиглах, төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцож, ашиг олох зорилгоор үндсэн үйл ажиллагаа явуулж байна.

Манай хамт олон 2021 онд компанийн үйл ажиллагаандаа олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлж, төмөр замын салбартаа Чанарын удирдлагын тогтолцоо /ISO 9001:2015/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо /ISO 45001:2018/, Байгаль орчны менежментийн тогтолцоог /ISO 14001:2015/ зэрэг нэвтрүүлсэн АНХДАГЧ байгууллага болсон юм.

Компанийн 66 хувийг “Эрдэнэс–Тавантолгой” ХК, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшдэг.

Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Монгол улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг гурван үе шаттай барихаар төлөвлөж, эхний ээлжинд 1100 орчим километр төмөр зам барихаар төлөвлөсөн байдаг. Энэ зорилтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам баригдсан. 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь  Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд нэг өртөө, зургаан зөрлөгтэй, III зэрэглэлийн төмөр зам юм.

Тус төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай төдийгүй Тавантолгойн нүүрсний уурхайн коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ болон гуравдагч хөрш орон руу экспортлоно. Мөн төмөр замын трассын дагуу Цагаан суварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон 50 гаруй стратегийн орд газрууд байдаг. Тиймээс эдгээр орд газруудын түүхий эдийг тээвэрлэх эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт болсон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ